Copyright © 2015 - 2021
Өмнөтгөл
Суварга гэхээр бидний ой ухаанд Эрдэнзуу хотын 102 суварга юм уу эсвэл гандан хийдэд бүтээсэн сац суваргууд бодогдох. Эгэл нүдээр харж, энгийн оюунаар тунгаахад Суварга нь дархан хүний бурхан ухаан шингэсэн уран хийцтэй соёлын бүтээл мэт харагдавч цаанаа бурханы шашин хийгээд зан үйлийн нарийн зүй тогтол, ухааны царааг шингээсэн байдаг аж. Бид энэ удаагийн нийтлэлээрээ суварга хэмээх ариун эдийн талаар энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар та бүхэнд хүргэхээр “Суварга буян” компаний зурхайч лам Б.Ариунбуянтай хөөрөлдсөнөө дэлгэн хүргэж байна.
Б.Ариунбуян: Дэлхийн соёлт хүн төрөлхтөн нийгмийн харилцааг бий болгож соён гэгээрэхээс эхлээд суварга үүсэж бий болсон түүхтэй. Суварга нь Урал, Евро-ази, Ази, Монгол нутгаар өөр өөрийн гэсэн агуулга, хэлбэр дүрс онцлог, нутаг орны тухайн хүмүүсийн соёл иргэншил, өв уламжлалтай салшгүй холбоотой олон мянган жилийн соёлыг тээсэн биет зүйл тул хүн төрөлхтөний соёлын салшгүй хэсэг юм. Египитийн пирамид бол хаадууддаа зориулсан фораунчуудын хүн төрөлхтөний соёлд үлдээсэн томоохон алдартай суваргуудын жишээ юм. Бурханы шашинд голлох найман төрөл зүйлийн суварга байдаг. Монголчууд ихэвчлэн Жанчивчойдон буюу Бодь мөрийн суваргыг ихэд шүтээнчлэн, дээдлэн хөгжүүлсэн байдаг.
Үүн дотор хэнзэн суудаг гэсэн бие даасан бүтээлийн шинжтэй их нарийн аястай тогтсон уламжлалын хүрээнд хийгдсэн олон суваргануудын хэсэг байдаг. Энэхүү суваргууд нь тус бүрийн өөр өөрийн буянд тухайлан зориулагдсан утга агуулгыг бэлэгдсэн байдаг юм.
Жишээ нь монголчууд бие барсан хүндээ зориулж Бодь мөрийн суваргыг бүтээн залах, зурах, урлах гэх мэт олон хэлбэрийг ашиглан суварга бүтээж ирсэн байна.
Нэг жишээ дурдвал 1937-1942 оны хооронд монголын түүхэнд томоохон улс төрийн хилс хэргээр хэлмэгдэлүүлэлт хийснээр түүхэн хар өдрүүд үргэлжилсэн байдаг шүү дээ. Эдгээр хэлмэгдсэн хүмүүсийн ясыг тодорхой газраас авч номын ёсчлол үйлдэн хүний ёсоор ясыг нь амраах гэж бүтээсэн “Хэнзэн суварга” бүтээсэн. Ийм суварганд онголох, бунхлах гэсэн тогтсон тусгай үйл байдаг. Түүнээс бурхан болсон хүмүүсийн шарил юмуу чандрыг нь суварганд шүтээлцлэн залах нь бол цэвтэй үйл юм.
Шүтээн дор эгэл төрөлхтнийг бие лагшин шарил тэргүүтнийг тусгай үйлийн дагуу оршоох нь цээртэй байдаг. Харин тухайн бие барсан хүндээ зориулж дээр нь шүтээлцлэн залах үйлийг хийж болдог. Энэ нь олон төрлийн нарийн нандин шүтэн барилдлагатай үйл.
Бурханы шашинд хүн ерөөсөө үхдэггүй гэж үздэг. Хүний сэтгэл сүнс мөнх юм. Төрлөөс төрөл дамжин төрөл авч, авсан төрөл болгондоо гэнэтийн өвчин зовлонгүй, гэнэтийн үхэл зовлонгүй амар амгалан, урт удаан насалж, тэр насаа буян шүтээн барилдуулж, авсан төрөл болгондоо сайн үйлийг бүтээж, Маллддаа бурханы төрөл хүн хутгыг олохын төлөв болдог. Тэр болгонд нарийн нандин онцгой шүтээн бүтээн залах үйлийг Монголчууд эрт дээр үеэс эрхэмлэж ирсэн байна.
- Тэгэхээр угтаа бол талийгаач болсон хүний хойд төрөлд нь зориулж суварга бүтээдэг байх нь ээ?
Б.Ариунбуян: Ерөнхийдөө тийм. Дээр үед юм болгон элбэг байсангүй. Суварга шүтээн босгох үйл бол язгууртнуудын хүрээнд гэдэг юмуу эсвэл тогтсон тусгай хүрээнд суварга бүтээх зэрэг цомхон хэмжээнд байсан. Одоо үед бол юм хөгжиж өргөн дэлгэр болсон цагт буяны үйл хүний сэтгэлийн нарийн үйлтэй нь өөртэй нь холбоотой зүйл учраас суварга бүтээх нь дээр үеийг бодвол материаллаг талаасаа харьцангуй боломжтой болсон шүү дээ.
Мэдээж суваргын анхдугаар тус эрдэм нь талийгаачийн сүнсийг муу заяанд унагахгүй, төрөл андуурч төрүүлэхгүй, төрөл ном олох замдаа эрдэмтүүлэн барцад саад туулахгүй, дээдийн сайн төрөл олж төрөхөд нь нарийн тус эрдмээр тэтгэх шүтээний орон бий болгож байгаа хэрэг. Хоёрт нь тухайн талийгаачийн бие нь тухайн газар орондоо сав шимийн ертөнцдөө номын ёсоор шингэж дуустлаа нөлөө үзүүлсээр байдаг гэж үздэг. Хүний ертөнцөд үлдсэн ах дүү, төрөл төрөгсөд, тухайн нутаглаж байгаа нутаг орондоо нөлөө үзүүлдэг гэсэн үг. Тэр нөлөө нь сайн муу гэсэн хоёр талтай байж болно. Тэрхүү нөлөөний муу нь гэвэл гэнэтийн өвчин зовлон, гэнэтийн үхэл хагацал тэр нутагт нь болохгүй, элдэв төрлийн үер ус, аянга цахилгаан, ган зуд, нийтийг хамарсан өвчин зовлон, үгүйрэл ядуурал ихсэх муу юманд эзлэгдэх зэрэг үйлүүд байна.
Дээрх муу үйлүүдийг арилгах ах дүү, төрөл төрөгсөд үр хүүхдийг нь цаглашгүй их буянаар тэтгэж, амар амгалангаар тэтгэсэн цог залийг нь үргэлж бадрааж байх ерөөлөөр суварга шүтээн бүтээх нь хамгийн буянтай үйл юм. Бүтээсэн суваргад залсан нутаг орны уул шүтээн, газар лусын эзэд, лус савдаг тэргүүтэн нь бүр амьтай зүйл байдаг.
Улмаар тэр нутагт нь ажиллаж амьдарч байгаа хүн зон, амьтан, араатан жигүүртэн болгонд элдэв төрлийн муу үйл үйлдэгдэхгүй, газар орон нь амар амгалан, үржиж дэвжсэн, дэвжиж дээшилсэн зон олон нь сайн сайхан амар амгалан бий болох гэсэн газар орны нь аргадсан асар дээдийн өргөл болж байгаа юм.
-Суварга буян компани хоёр төрлийн суварга бүтээж байгаа. Энэ талаар та тайлбарлаж өгөхгүй юу.
-Монголд бурханы шашин асар хүчтэй түгэн дэлгэрсэн түүхэн цаг үеүүдийг бид мэднэ шүү дээ. Энэ нь тодорхой хугацаанд тасарсан байдаг. Тодруулбал Манжийн дарлалын 300 жил, социализмын үед түг түмэн өв соёл, дуу ухаан, тэжээхүйн ухаан, урлахуйн ухаан, анагаах ухаан, дорнын соёл гээд монголчуудын түүхэн цаг үед хураасан асар их өв соёл үгүй болсон. Тийм айхавтар цаг үеийг үзэж туулсан ч гэлээ бурхан шүтээнийг шүтээнчлэн залах, хурал ном бүтээх, Өндөр гэгээний номлосон бурхан шүтээн, тогтсон хувь хэмжээ, онол, сургаал гэдэг бол бид нарт арилашгүй мөр, баларшгүй их гавьяа байгуулж үлдээж чадсан. Дурдвал өндөр гэгээн Занабазар, ламын гэгээнтэн Жанцан, Заяын гэгээн Лувсанпэрэнлэй, халхын догшин ноён хутагт Данзанравжаа гэх мэт оройгүй эрдэмтэй бурхан шашны том ухаан, бусад нарийн нандин ухаанд гүн нэвтэрсэн хүмүүс бид нарт их өв соёлыг үлдээсэн. Тэр гэгээнтнүүдийг үлдээсэн өв соёлыг өнөө үед түүчээлэн залгуулах, хойч үедээ өвлүүлэх нь бид бүхний ариун үүрэг гэж хэлж болно.
Тэрхүү ариун үйлийг үргэлжүүлэх үйлсэд “Суварга буян” компани бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа. Бидний хувьд Жанчив, Чойдон гэсэн хоёр суваргыг онцгойлон бүтээж байна.
Бидний баримталж байгаа гол бодлого бол уламжлалыг хэрхэвч орхигдуулж болохгүй харин түүнийг арвижуулах арга барил юу байна гэдгийг өдөр тутам судалж, тал бүрээс нь нягт нямбай хандаж энэ суваргыг шүтээнчлэн залах, шүтээн дор хийх цаашилбал буяны зам мөрд нь холбох чиглэлээр өргөн хүрээтэй судалгаа хийсэний үндсэн дээр суваргаа бүтээж байна.
Мөн манай байгууллагын нэр маань энэ үйл ажиллагааны үндсэн зорилго гэдэг юмуу энэ бүх агуулгатай нь холбож ойлгоход онцгой ач холбогдолтой. Тийм ч учраас өнөөдөр бурхан ба суваргыг шүтээнчлэн босгох, номын хүрээнд оршуулгын зан үйлийг хийж буяны үйл ажиллагааг уламжлалт арга хэлбэр хэв маягтай нийцүүлэн бүтээх арга барилыг нэвтрүүлээд байна.
Тодруулбал орчин цагийн хэв маягаар уламжлалтай холбож дотоод оршоолго болон амин оршоолго, гадаад шүтээн дор суваргыг бүтээх онолыг мэргэжлийн түвшинд нягт нямбай сайн хийж байгаа гэдгээрээ бусад байгууллагуудаас ялгарч байгаа юм. Энэ тогтсон уламжлал маань бусдад сайн үлгэр дуурайлал болж сайн жишиг тогтоож, бурханы шашин бие даасан онцлог хэлбэр хэв маягийг агуулсан суварга шүтээнийг босгох нь үйлийг дэлгэрүүлэх үйлсэд бид энэ салбартаа багагүй хувь нэмэр оруулж байгаадаа сэтгэл таатай байдаг.
-Ер нь ямар хүн байхаас шалтгаалж суварга бүтээдэг юм уу, эсвэл ямар нэгэн шалгуур үзүүлэлт гэж байдаг юм болов уу?
-Хүн болгоны үйл, амьдралын хэв маяг тэнгэр газар шиг ялгаатай. Туулж өнгөрүүлсэн, хураасан үйл хэрэг гээд. Түүнтэй холбоотойгоор суварга шүтээн босго, ийм бурхан шүтээнчлэн зал ингэ тэг гэсэн үйлийн барилдлагатай шинжээний номонд заасан үйлүүд байдаг.
Тиймээс тэр нь их буянтай юм байна, тэр нь их гоё юм байна, энэ нь сайхан юм байна энийг нь хийчихье, эсвэл энэ нь муухай юм байна, энэ нь их юм байна, энэ нь бага юм байна гэдэг ч юмуу хэлбэр хэв маяг, агуулга гэхээсээ илүү хүн төрөлхтөнд мянга мянган өв уламжлалыг хадгалсан суваргыг шүтээнчлэн залж, мөн бурхан болсон хүнийхээ хойтын буянд зориулан суварга босгож байгаа нь амьд яваа насандаа хийх хамгийн эрхэм буян үйлүүдийн нэгд тавих зүйл гэдгийг л сайтар ойлгож ухаарах нь туйлын чухал юм.
- Тэгвэл тухайн талийгаач болсон хүний зураг төөрөгтэй шууд хамааралтай биш гэж ойлгож болох уу. Шинжээн номон дээр юу гэж заасантай улбаатай байх нь?
-Шууд хамааралтай бол биш. Тэгэхдээ нарийн баримталдаг шинжээн номыг хуульчлан дагах ёстой. Шинжээн дээр тийм юм гарсан байна. Энийг эхэнд нь нэмчихье, энэ нь дутуу юм байна хасчихья гэдэг ч юмуу тийм юм байхгүй. Яг л хуульчлан дагаснаараа бурхан болсон хүнийхээ хойтын буяны зан үйлийг ном ёсчлон хийж гүйцэтгэж байгаа хэрэг. Бидний хийж өгч чадах зүйл бол буян юм. Шинжээн номон дээр шүтээн дор суварга шүтээн босгох гэдэг нь буусан буугаагүйгээс үл хамааран хүн насан туршдаа эрхэмлэн дээдэлж, хайрлан хүндэлж ирсэн дотны хүндээ аль болох дээдийн буяныг зориулдаг шүү дээ.
-Бурхан болсон хүнийхээ араас үлдсэн хүмүүс нь уй гашууд их автдаг. Олон жилээр шаналаад явдаг ч хүмүүс байдаг. Зарим хүмүүс хэт их уй гашууд автах хэрэггүй. Тухайн хүнийхээ сайн сайхан талыг бодоод яв гэдэг л дээ. Энэ талаар бурханы номонд юу гэж заасан байдаг юм бол?
-Ер нь үхэж сурна гэдэг бол соёл. Үүнд бид тогтсон номлолтой арга барилтай ард түмэн. Олон мянган жилийн тэмцлийн өмнө аливаа юмыг удирдан зохион байгуулж, ялж ертөнцийн мөн чанарыг гүн гүнзгий талаас нь таньж мэдэж, сурч ирсэн. Нүүдэлчин ард түмэн бол байгаль дэлхий бүхий л зүйлс, орон зайтай ихойрхон байдаг учраас сэтгэл, оюун санааныхаа харилцааг түвшин амар амгалан ойлгомжтой авч яваад сурчихсан ард түмэн.
Тиймдээ ч үхэлд бэлдэх, насан барсны дараах үйл явц, бие хураагдаж дотоод үхэл явагдах цаг хугацаа, түүний дараа 49 хоног дотор бие бард шилжих тогтсон хугацаа өдөртэй. Энэ нь шинжлэх ухаан болоод үлдчихсэн. Энэ хугацааг нарийн аястай цаг хугацаа хэмээн бодож буян ном, зан үйлийг нандин юм бүхэнтэй холбож гүйцээж зохион байгуулах нь чухал. Сэтгэлийн хатыг даван туулахтай холбоотой ламын гэгээн Лувсанжанцан мөн ноён хутагт нарын бид нарт үлдээсэн тогтсон судар ном, сүндэр байдаг. Иймд тухайн хүнийхээ сайн сайхан дурсамжийг агуулаад сэтгэлийн хаттайгаар амьдрах хэрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн 49 хоногт нь бүх буяны үйлээ ном ёсны дагуу, чин сэтгэлээсээ хийж гүйцэтгээд дараа нь санан дурсаж, суварга шүтээндээ залбираад, дараа төрөлдөө сайн төрөл олоосой гэж бодож явах ёстой юм.
- Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.
- Та бүхэнд баярлалаа.
info@suvargabuyan.mn
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, авто тээвэрчдийн гудамж-29
7703-1111