“Суварга буян” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Сандагдоржтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Ярилцлагаа танай компаний түүхээс эхлэе гэж бодлоо. Яагаад заавал буяны үйл ажиллагаа эрхэлдэг компани нээх бодол төрсөн юм бол?

Саяхныг хүртэл манай ард иргэд талийгаачийнхаа буяны үйлийг өөрсдөө гардан хийж гүйцэтгэдэг байсан шүү дээ. Хэдийгээр манай улс оршуулгын зан үйлийн гурван мянга гаруй жилийн арвин түүхтэй гэдэг ч цаг үеэ дагаад суурин амьдралд тохирсон, шинэ үеийн чиг хандлагатай болж өөрчлөгдсөн. Өнгөрсөн зууны эхэн үеэс эхлэн монголчууд маань талийгаачаа газарт оршоох зан үйлийг илүүтэй ашиглаж ирсэн. Та бүхэн санаж байгаа бол 2000-аад оноос өмнө талийгаачаа нутаглуулах зан үйлийг төрөл төрөгсөд, гэр бүл, найз нөхөд нь гардан гүйцэтгэдэг байсан. Энэ нь ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг албан ёсны байгууллага хэрэгтэй юм байна гэсэн хэрэгцээг тодорхойлж байгаа юм. Мөн өөрсдөө буяны зан үйлээ хийх нь олон төрлийн эрсдэлийг дагуулдаг. Жишээ нь зөвшөөрөлгүй газар нутаглуулах, зөвшөөрөлгүй газар нутаглуулснаар дахин нүүлгэн шилжүүлэлт хийх, хариуцах эзэнгүй тул хаягдах, тоногдох, ямар ч бүртгэлгүйн улмаас нэгдсэн мэдээллийн санд хадгалагдахгүй байх гэх мэт олон эрсдэлийг бий болгодог. Харин албан ёсны зөвшөөрөлтэй байгууллага байснаар 24 цагийн харуул хамгаалалт, хашаажуулалт, арчилгаа тордолгоотой болох, бүртгэл нь мэдээллийн нэгдсэн санд хадгалагдах гэх мэтчилэн олон давуу талыг иргэдэд үзүүлэх юм байна гэж үзсэний үндсэн дээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.



Тэгвэл энэ үйл ажиллагаа нь та бүхний чин сэтгэл болоод нийгмийн зайлшгүй хэрэгцээ шаардлагаас урган гарсан шийдвэр байжээ.

Тэгж хэлж болох юм. Манай компаний удирдлагууд буюу анх санаа нийлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн хүмүүс маань бүгд тус тусын ажилтай, бизнестэй хүмүүс байсан. Анх энэ хариуцлагатай, мэдрэмж, сэтгэл шаардсан салбарт орох шийдвэр гаргаж байхдаа л дээр дурдсан зорилгоо тодорхойлчихсон юм. Тийм ч учраас бид эрхэм зорилгоо “Эрхэмлэн хүндэтгэе” гэж тодорхойлсон. Хайртай хүнтэйгээ салах ёс хийх гэдэг бол зан үйлээс гадна сэтгэлийн асар их мэдрэмж цаашлаад үйлчилгээний маш нарийн стандарт шаарддаг ажил шүү дээ.

Үнэндээ дотны хүнээ эцсийн замд нь үднэ гэдэг хамгийн эмзэг, нарийн хэрнээ яах учраа олохгүй олон асуудалтай тулгардаг л даа.

Тэгэлгүй яахав. Бид хэн нэгний буяны үйлд очихдоо нэг л санаа зовсон байдалтай очдог. Ялангуяа хамт олны эсвэл холын хамаатны хүний хойчийн буяны үйлд оролцохдоо мөнгөн тусламжаа өгөөд буяны цагаалганаас амсаад гардаг. Салах ёс хийхдээ газарт нь очоод зан үйлээ гүйцэлдүүлээд, буцахдаа будаалганд нь ороод л ирдэг. Энэ бол буяны ажилд оролцогчдын нийтлэг төрх. Харин бид үйлчилгээ үзүүлэхдээ оролцогчид биш, хайртай дотны хүнээ алдсан гэр бүлийн гишүүд шиг, эсвэл хамгийн дотны найз нөхөд шиг нь бодож сэтгэж, тэдний оронд өөрсдийгөө орлуулж үйлчилгээгээ үзүүлэхийг зорьдог. Ингэж байж бид ард үлдсэн хүмүүсийн уй гашууг хуваалцаж, бага ч болтугай сэтгэлийн амар амгаланг өгдөг болов уу гэж боддог.

Сайхан сонсогдож байна. Танай компаний үйл ажиллагаатай арай дэлгэрэнгүй танилцмаар байна л даа.

Бололгүй яахав.

Анх хэдэн оноос үйл ажиллагаагаа эхэлж, өнгөрсөн хугацаанд юу юу хийж бүтээсэн бол?

2015 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Анх эхэлж байхад олон бэрхшээлтэй нүүр тулж байлаа. Салбар маань дээр ярьсанчлан их нарийн мэдрэмж, сэтгэл, хариуцлага шаардсан салбар. Анхнаасаа дэг уламжлалт жаяг, олон зууны ёс заншилаа орчин үеийн нөхцөл байдалтай зөв уялдуулах, бурханы шашин хийгээд, ард иргэдийн маань олон жилийн үнэт өвийг алдагдуулахгүй байх тал дээр анхаарч чармайж ажилласан. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ үйлчилгээнийхээ талаар мэдлэг мэдээлэл маань нэмэгдэн тэлсээр ирсэн л дээ. Тийм учраас өнгөрсөн зургаан жилийн хугацаанд багагүй ажлын ард амжилттай гарсан гэж дүгнэдэг.

Улаанбаатар хотын баруун зүүн хэсэгт цэвэр, цэмцгэр, стандартад нийцсэн, ойжуулалт, цэцэрлэгжилттэй эко газарт бурхан болоочдыг нутаглуулах цогцолборыг цогцлоон бүтээлээ. Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг байж болох, хамгийн дээд түвшинд байлгахын төлөө үйлчилгээ, орчин, харилцаа хандлага дээрээ анхаарч ажилласаар ирлээ. Мөн түүнчлэн бид нийгмийн хариуцлагын хүрээнд хэд хэдэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж амжилттай ажилласан. Цаашид ч бидний тусламж дэмжлэг шаардлагатай, ард иргэдийн сайн сайхны төлөө зориулагдсан хөтөлбөрүүд дээр боломж бололцоогоороо хамтран ажилласаар байх болно.



Нийгмийн хариуцлага гэснээс цар тахлын хүнд хэцүү үед танай байгууллагаас ард иргэдэд чиглэсэн ямар нэг үйл ажиллагаа хэрэгжүүлсэн болов уу?

Хүнд хэцүү ийм цаг үед үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага бүр өөр өөрийн боломжоор цар тахлын эсрэг гар бие оролцох нь зүйтэй болов уу. Манай компаний хувьд өнгөрсөн хавар өөрсдийн түргэн тусламжийн автомашинаа үйлчилгээний жолоочтой нь Улсын онцгой комисст буюу БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт 30 хоногийн хугацаанд үнэ төлбөргүй ажиллуулсан. Энэ хугацаанд 30,000 гаруй хүмүүсээс шинжилгээ авах, тусламж үзүүлэх үйлчилгээг үзүүлсэн юм. Мөн бид зорилтод бүлгийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлдэг. Цаашид ч бид энэ хүнд хэцүү цагт цар тахлын эсрэг өөрсдийн зүгээс хийж чадах бүгдийг хийх болно. Улс орон даяараа хамтдаа хичээж байж л бид хохирол багатайгаар хүнд үеийн ард гарна шүү дээ.

Танай сошиал хаягаар зочилохдоо салбартаа тэргүүлэгч ажил олгогч болно гэсэн зорилгын тань талаар уншсан юм. Ингэхэд танай компани хэдэн ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

Тиймээ, та их гярхай юм. Бид салбартаа тэргүүлэгч ажил олгогч байхын төлөө зорин ажиллаж байна. Шилдэг ажил олгогч байна гэдэг нь зөвхөн олон ажилтантай байх ч юм уу эсвэл улсад төлж байгаа татварын хэмжээгээр хэмжигдэнэ гэж боддоггүй. Гол нь тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд сэтгэл ханамжтай, өглөө ажилдаа, орой гэртээ яардаг хүмүүстэй байж л шилдэг ажил олгогч хэмээн хүлээн зөвшөөрөгдөнө гэж боддог. Манай компани өнөөдрийн байдлаар 50 гаруй ажилтантай. Тэдний гэр бүлийг нэмж тооцвол дунджаар 200 орчим хүний аж амьдралын баталгаа болж байгаа гэсэн үг. Ажилтнууд маань ихэнх нь залуучууд. Ид улс эх орон, гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээх насны хүмүүс. Тийм болохоор компани маань ч ялгаагүй залуус шигээ хариуцлагатай, уялдаа холбоотой, нэг зорилготой байх шаардлагатай болж байгаа юм л даа. Цаашид бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Эргээд үйл ажиллагааны тухай ярилцья гэж бодлоо. Ярилцлагын эхэнд та манай салбар бол нарийн онцлогтой салбар гэж хэлсэн. Ер нь таны хувь хүний бодлоор монголчууд бурхан болоочоо хөдөөлүүлэх зан үйлийг зөв зүйтэй гүйцэтгэж чадаж байгаа юу?

Зөв бурууг ялгахын тулд эргээд л уламжлалаа ярих шаардлагатай болох байх. Ер нь бидний түүх соёл ямар юм бэ, түүхэн он цагуудад яаж байсан юм бэ гээд л. Түрүүн би хэлсэн шүү дээ бид бурхан болоочоо нутаглуулах гурван мянга орчим жилийн түүхтэй гэж. Түүнээс хойш цаг үеэ дагаад өөрчлөгдсөөр ирсэн. Өнгөрсөн зууны 40-өөд оноос шинэ зууныг хүртэл европ тэр дундаа манай хойд хөрш буюу хуучны ЗХУ-д талийгаачаа хэрхэн хөдөөлүүлж байсан тэр загвараар манайхан явж ирсэн. Энэ нь өнөөх л цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой. Дурсгалын хөшөө нь ч, оршоож буй газар нь ч, бараг салах ёс хийх уламжлал нь хүртэл ЗХУ-ын зан үйлтэй ижил болчихсон байсан шүү дээ. Ялангуяа хот суурин газарт тийм л байсан. Тодорхой хугацаанд Монгол зан үйл маань жаахан хувьсан өөрчлөгдсөн. Харин нийгэм солигдож уламжлал сэргэж, бурхан номын ойлголт өөрчлөгдсөнөөр хуучин уламжлал руугаа дөхсөн. Одоо бол эртний уламжлалаа орчин үеийн стандарт, чиг хандлагатай хослуулж байна. Бас бид үндсэн хуулиараа хамгаалагдсан эрх чөлөөт улсын иргэд. Олон шашины урсгал нээлттэй ийм үед бид бүх шашины дэг жаяг, ёс уламжлалыг хүндэтгэн ижил хэмжээнд ойлгох шаардлагатай болсон. Тэгэхээр эцсийн бүлэгт энэ л яг зөв тэр нь буруу гэх нь бас өрөөсгөл болов уу гэж хувь хүнийхээ зүгээс боддог. Манай компаний хувьд бурхан шашины зан үйлээ үндсэн зарчмаа болгон үйлчилгээгээ үзүүлсээр ирсэн компани л даа. Учир нь хүн амын зонхилох хэсэг нь Буддын шашин соёлтой ард түмэн шүү дээ. Цаашид ч бурханы шашины зарчмаараа үйл ажиллагаагаа явуулах болно.

Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Би танаас асуулгүй орхисон зүйл байж магадгүй. Тийм бол та уншигчидад хэлж болно шүү.

Би өөрөө яриандаа жаахан маруухан хүн л дээ. Харин ч сайхан ярилцлаа гэж бодож байна. Хүний хорвоогийн жам учраас хэн нэгнийг үдэж байхад өөр нэг газарт хэн нэгэн шинэ хүн төрж байдаг. Бид ирж буцдаг орчлонгийн жамаас зөрөх тавилангүй шүү дээ. Тиймээс хүмүүс минь өдөр бүр хайртай дотны хүмүүстээ хайраа илэрхийлж, хүн бүрт зөвхөн сайн сайхныг хүсэж яваарай гэж хэлмээр байна даа.



Танд баярлалаа. Ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье.

Баярлалаа

Ярилцсан: Мөнхсувд

Харилцах хаяг

И-мэйл

info@suvargabuyan.mn

Оффис хаяг

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, авто тээвэрчдийн гудамж-29

Утас

7703-1111

        Copyright © 2015 - 2021